Эм зүйч мэргэжилийн нууц

2016-11-15,
"Монос" группын Ерөнхийлөгч, эм зүйн ухааны доктор, төрийн шагналт Лувсангийн Хүрэлбаатар эм зүйч мэргэжлийн онцлогийн тухай ийн өгүүлжээ. https://youtu.be/5YKSxvDXPdY

Эмийн ургамал

2016-11-15,
24287

эмийн тухай

2016-11-09,
эмийн тухай еронхий ойлголт
Эм гэж юу вэ?
Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, оношлох болон түүнээс урьдчилан сэргийлэх зориулалттай, эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар бүрэн нотлогдсон, орчин үеийн эмийн хэлбэрт оруулан тодорхой тун хэмжээгээр савласан бэлдмэлийг эм гэнэ. Хүмүүс хүнсний бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болох бол эмийг тодорхой нэг өвчний үед тогтоосон тун хэмжээгээр, эмчийн зөвлөсөн хугацаанд хэрэглэдэгт гол ялгаа нь оршино.

Эмийг хэрхэн бүтээдэг вэ?
Эмийг ургамал, амьтан, эрдэс бодис болон нийлэг аргаар гарган авсан түүхий эдээр үйлдвэрлэдэг. Эм нь үндсэн ба туслах бодисоос тогтоно. Эмийг бүтээхийн тулд нөр их судалгаа шинжилгээ хийсний дүнд эмгэгтэй бие махбод, эм хоорондын харилцан үйлчлэх зүй тогтол, эмчилгээний үйлдэл, механизм, тун, бие махбодид үзүүлэх сөрөг нөлөөг судалсны үндсэн дээр ямар өвчний үед, ямар тун хэмжээгээр хэрэглэх, эмийн бодис биед хэрхэн шимэгдэн тархаж хувирах, биеэс хэрхэн ялгарах, хоол ундтай хэрхэн зохицуулах болон илэрч болох сөрөг нөлөөг урьдчилан тогтоосон байдаг.

Эмийн тун гэж юу вэ?
Эмчилгээний өвөрмөц үр нөлөө үзүүлэх, эмийн бодисын тогтоогдсон тодорхой хэмжээг тун гэдэг. Эмийн тунг милграмм, миллитр, хувь болон олон улсын нэгжээр хэмждэг. Ихэнх эмэн дээр “мг” гэж бичсэн байдаг. Жишээ нь: Ампициллин 250 мг гэж бичсэн байвал (1 грамм нь 1000 мг-тай тэнцдэг учраас) та 0,25 г гэж л ойлгоорой.

Эмийг хүний нас, биеийн жин, өвчний байдлаас хамааран ялгаатай тунгаар хэрэглэдэг. Ихэнх эмийг нэг удаа хэрэглэх хэмжээгээр насанд хүрэгчид болон хүүхдэд зориулсан тунгаар үйлдвэрлэдэг боловч нярай болон бага насны хүүхдэд эмийг хэрэглэхдээ биеийн жинд тохируулан хувааж таллаж өгнө. Харин өндөр настан, элэг, бөөр, зүрх, уушиг, хоол боловсруулах эрхтэний эмгэгтэй үед эрхтэн системийн хэвийн үйл ажиллагаа өөрчлөгдсөний улмаас эмийн үйлчлэл бас өөрчлөгддөг тул тунг багасгах болон тун хоорондын зайг уртасгах зэргээр зохицуулалт хийх шаардлагатай байдаг.

Эмийг хэт их тунгаар хэрэглэвэл эмийн гаж нөлөө ихсэх, хордох, эрхтэн системийг гэмтээх аюултай, харин бага тунгаар хэрэглэвэл эмчилгээний үр нөлөө буурдаг тул тохирох тунгаар хэрэглэх нь зүйтэй.

Нэг эм яагаад өөр өөр нэртэй байдаг вэ?
Аливаа өвчин эмгэгийн үед өөрт тохирох эмийг зөв сонгохын тулд эмийн нэршлийн талаар тодорхой мэдлэгтэй байх нь чухал. Ихэнх эм химийн, олон улсын, худалдааны гэсэн нэртэй байдаг. Эдгээрээс олон улсын ба худалдааны нэршлийг практикт өргөн хэрэглэдэг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас батлаж гаргасан нэрийг олон улсын нэршил гэдэг. Дэлхийн улс орнууд эмийн солилцоо, худалдаанд уг нэрийг баримтладаг. Нэг эмийг олон үйлдвэрлэгчид үйлдвэрлэж болох тул олон төрлийн худалдааны нэртэй байдаг. Эм үйлдвэрлэгчийн өөрийн бүтээгдэхүүндээ өгч патент авсан нэрийг худалдааны нэр гэдэг. Тухайлбал: Диклофенак гэдэг олон улсын нэртэй эм нь Диафлам, Фелоран, Алмирал, Ортофен, Дикломол, Калемфенак, Дикло-денк гэх мэтийн худалдааны нэртэй байдаг. Эмийн худалдааны нэр нь хэрэглэгчдэд тэр бүр танил байдаггүй тул эмчийн зөвлөсөн худалдааны нэр бүхий эмийг олж авахад хүндрэл гарах тохиолдол гардаг. Иймээс жорон дээр эмийг олон улсын нэрээр бичих зарчим баримтладаг. Эмийн санч харин уг эм жоронд бичсэн нэрээр байхгүй тохиолдолд танд худалдааны нэр бүхий уг эмийг сонгож өгөх болно. Эмийн хайрцаг дээр худалдааны нэрнээс гадна олон улсын нэрийг заавал бичсэн байдаг тул та эм худалдаж авахдаа эмчийн бичсэн нэр байгаа эсэхийг лавлаж харж болно.

Нэг төрлийн эм нь хэдийгээр өөр өөр худалдааны нэртэй байж болох боловч найрлага, эмчилгээний үйлдэл нь ижил байдаг тул та “энэ эм мөн болов уу?” гэж бүү эргэлзээрэй.

Эмийг ямар үед хэрэглэх вэ?
Ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрч эхэлмэгц та яаран эм бүү хэрэглээрэй. Зарим өвчний эхэн үед эм хэрэглэхийн оронд эмэн бус эмчилгээг хийх нь илүү зохимжтой байдаг. Тухайлбал: их хэмжээний шингэн уух, амин дэмээр баялаг чанартай хоол хүнс хэрэглэх, сайн амрах, биеийн тамир, спортоор хичээллэх нь хамгаас чухал эмчилгээ болдог.

Эмэн бус эмчилгээгээр эмчлэх боломжгүй үед болон яаралтай тусламж шаардлагатай үед эмийг хэрэглээрэй.

Эмийг ямар аргаар хэрэглэх вэ?
Эмийг уух, тарих, түрхэх, шавших, цацах гэх мэтийн олон аргаар хэрэглэдэг. Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэдэг нь уух, тарих арга юм. Манай иргэдийн дунд эмийг тарьж хэрэглэвэл ууснаас илүү үр дүн сайтай гэсэн ташаа ойлголт түгээмэл байна. Гэтэл эмийг тарьж хэрэглэхэд ууж хэрэглэснээс илүү сайн нөлөө үзүүлдэггүй бөгөөд өндөр үнэтэй байдаг. Иймээс өвчин хөнгөн хэлбэрээр явагдаж байгаа үед эмийг ууж хэрэглэх нь илүү тохиромжтой бөгөөд үнийн хувьд ч хямд байдаг. Ялангуяа витамины бэлдмэлийг тарьж биш ууж хэрэглэх нь зүйтэй.

Шахмал, капсултай эмийг яаж хэрэглэх вэ?
Шахмал эм нь залгиж уух, зажилж уух, хэлэн дээр тавьж хэрэглэх, усанд уусгаж уух гэх мэт олон янз байдаг. Эмийн шошгон дээр яаж хэрэглэхийг тодорхой зааж бичсэн тохиолдолд зааврын дагуу хэрэглэнэ. Хэрвээ тусгайлан заагаагүй бол шахмал болон капсултай эмийг хагас аяга буцалгасан бүлээн усаар даруулан бүхлээр нь залгиж хэрэглэнэ. Эдгээр эмийг бүхлээр нь залгихад ходоодонд муу нөлөө үзүүлэхвий гэж та айх хэрэггүй. Учир нь таны уусан эм ходоодны хүчлийн нөлөөгөөр уусч эмчилгээний үйлдлээ үзүүлэх болно. Харин төмрийн бэлдмэлийг хүчиллэг уусмал болон жимсний шүүсээр даруулж уувал шимэгдэлтэд сайнаар нөлөөлнө.

Эмийг хавсран хэрэглэхэд хоорондоо харилцан нөлөөлдөг үү?
Хоёр ба түүнээс дээш эмийг хавсран хэрэглэхэд тэдгээр нь бие биенийхээ эмчилгээний үйлдлийг дэмжих буюу саатуулах байдлаар харилцан нөлөөлдөг. Хавсарч хэрэглэхэд дэмжих үйлдэл үзүүлэх эмүүдийг зөв сонгон хэрэглэсэн тохиолдолд эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг. Харин саатуулах үйлдэл үзүүлдэг эмийг хавсран хэрэглэхээс зайлсхийх ёстой. Эмийг эм зүйн болон эмнэл зүйн мэдлэг дээр тулгуурлан зохистойгоор хослуулан хэрэглэх шаардлагатай тул өвчтөн өөрөө дур мэдэн хавсран хэрэглэж болохгүй.

Эмийг хавсран хэрэглэхэд харилцан нөлөөлөлд орохоос гадна хамт хадгалах, тээвэрлэх, нэг тариурт хамт соруулах үед тунадас үүсэх, саармагжих, үйлдлийн идэвхээ алдах, уусах чанар нь өөрчлөгдөх, хортой нэгдэл үүсэх зэргээр өөрчлөгдөж болно

Тарилгын эмийг хэрэглэхэд юу анхаарах вэ?
Хүний бие махбодид тарьж хэрэглэхэд зориулан ариун нөхцөлд үйлдвэрлэсэн эмийн бэлдмэлийг тарилгын эм гэдэг. Тарилгын эмэнд туншилтэй болон флаконтой тариа, дуслын шингэнүүд орно. Тарилгын эм нь өвчтөн ухаангүй байх тохиолдолд буюу ууж хэрэглэх боломжгүй байгаа үед эмнэлгийн тусламж үзүүлэхэд хэрэглэж болдгоороо онцлогтой. Тарилгын эмийн хэлбэрээс туншилтэй болон флаконтой тариаг эмч зөвлөсөн тохиолдолд иргэд эмийн сангаас жороор авч, эмчийн хяналтан дор хэрэглэх, харин дуслын шингэнийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэхээр зохицуулсан байдаг.

Тарилгын эмийг эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн хүмүүс хийх ёстой ажилбар учир гэрийн нөхцөлд аль болох хэрэглэхийг цээрлэх нь зүйтэй. Учир нь:

· Тариаг бохир зүү тариураар, ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд хийвэл буглаа үүсэхээс гадна ХДХВ/ДОХ, вируст гепатитын халдвар авах эрсдэл ихтэй.

· Мэргэжлийн бус хүнээр тариа хийлгэснээс элдэв хүндрэл гарч амь насаа ч алдах аюултай.

Эмийг тарьж хэрэглэхэд ууж хэрэглэснээс илүү сайн нөлөө үзүүлдэггүй бөгөөд өндөр үнэтэй байдаг. Өвчин хөнгөн хэлбэрээр явагдаж байгаа үед эмийг ууж хэрэглэх нь илүү тохиромжтой бөгөөд үнийн хувьд ч хямд байдаг. Ялангуяа витамины бэлдмэлийг тарьж биш ууж хэрэглээрэй.

Шаардлагагүй олон эм тариа танд тус болохгүй харин хор болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрт хэрэггүй химийн олон бодисыг өөрийн биед оруулахын оронд оновчтой сонгосон эм илүү үр дүнтэй байдаг.

Тариаг ямар үед гэрийн нөхцөлд хэрэглэж болох вэ?

- Зөвхөн эмч зөвлөсөн тохиолдолд

- Хэрэглэхээр заасан эм нь зөвхөн тарилгын хэлбэрээр байдаг, түүнийг байнга хэрэглэх /чихрийн шижин гэх мэт/ шаардлагатай үед

- Яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай үед хэрэглэж болно.

Гэхдээ мэргэжлийн хүнээр, нэг удаагийн тариур хэрэглэн, эмчийн заасан тунгаар, цагийг нарийн баримтлан хийлгэхээс гадна зөв хадгалах шаардлагатай.

Дуслын шингэнийг хэдийд хэрэглэх вэ?

Манай иргэдийн дунд дуслын шингэнийг ядаргаанд хэрэглэдэг гэсэн ташаа ойлголт түгээмэл байна. Иймээс дуслын шингэнийг өөрсдөө дур мэдэн эмчийн заалтгүйгээр, гэрийн нөхцөлд, мэргэжлийн бус хүнээр хийлгэдэг. Дусал хийлгэхэд тамир тэнхээ орж, цус төлждөг гэдэгт итгэдэг нь ташаа ойлголт бөгөөд дуслын шингэн нь цусыг шингэрүүлдэг болохоос төлжүүлдэггүй, ядарч сульдсан хүнд хүч тамир ороход нь тус нэмэр болохгүй.

Дуслын шингэн гэдэг нь цус алдалт, янз бүрийн шокын үед шингэн сэлбэх, хордлого тайлах, ус давс, хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулах зорилгоор яаралтай тусламжийн үед хэрэглэдэг эмийн бэлдмэл. Дуслын шингэний хэрэглэх заалт нь олон янз байдаг. Түүнийг зөв сонгох нь иргэдийн хувьд боломжгүй юм. Дуслын шингэнийг хэрэглэхийн тулд тухайн өвчтөний биеийн байдал, онош, бусад эрхтэн системийн өвчин, эмгэг, цусны даралт зэрэг олон хүчин зүйлийг харгалзан зөв сонгох шаардлагатай тул өөрөө дур мэдэн хэрэглэх нь ямар ч эрсдэлд хүргэж болно. Ялангуяа мэргэжлийн бус хүнээр бүү хийлгэ. Энэ эмийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд, эмчийн заалтаар, мэргэжлийн хүний хяналтын дор хийлгэх ямар ч шаардлагагүй. Харин түүний оронд хангалттай хэмжээний шингэн уух, амин дэм, эрдэс бодисоор баялаг, чанартай сайн хоол хүнс хэрэглэх нь судсаар хийдэг ямар ч шингэнээс илүү сайн нөлөө үзүүлэх болно.

Парацетамол элгэнд хортой юу?

Парацетамол нь халуун бууруулах, өвдөлт намдаах үйлдэлтэй, жоргүй олгодог өргөн хэрэглээний эм боловч энэ эмийг хэрэглэхдээ хортой нөлөөг анхаарах нь чухал байна. Парацетамолыг хоногт 4 граммаас их тунгаар хэрэглэхэд элэг, бөөрийг хордуулж, үйл ажиллагааг нь хямраахаас гадна зүрхний эд эсийг гэмтээж хэм алдагдалд хүргэх, нойр булчирхайг үрэвсүүлэх, цус төлжилтийг дарангуйлах зэрэг ноцтой гаж нөлөө үзүүлдгийг судлаачид нотолжээ. Дэлхий дахинд парацетамолыг өргөн хэрэглэсэн хэвээр байгаа хэдий ч тунг нь урьдынхаас 2 дахин багасгаж хэрэглэхийн чухлыг анхааруулж байна. Тухайлбал: АНУ, Энэтхэг зэрэг оронд “парацетамолын тунг хэтрүүлэн хэрэглэвэл элгийг гэмтээх аюултай” гэсэн анхааруулгыг эмийн шошго дээр заавал бичихийг шаардаж байгаа ажээ.

Парацетамолын тунг хэтрүүлэн хэрэглэвэл элгийг гэмтээх аюултай тул зөв тунгаар хэрэглэх шаардлагатай.

Парацетамолыг хэрэглэхэд юуг анхаарах вэ?

Манай оронд парацетамол агуулсан дан болон нийлмэл найрлагатай 30 шахам бэлдмэлийг импортлон хэрэглэж байна. Парацетамол агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэлийг ихэвчлэн ханиад, томууны үед халуун бууруулах, өвчин намдаах зорилгоор өргөн хэрэглэдэг. Тухайлбал: Эффералган, Минигрип-П, Миксагрип, Колдакмин, Саридон, Дальрон-С, Терафлю, Колдрекс, Седалгин – Нео зэрэг өөр өөр худалдааны нэртэй эм нь бүгд парацетамол агуулсан байдаг. Эдгээр эмийг эмийн санд жоргүй олгодог тул хавсран хэрэглэсэн тохиолдолд тун хэтрэх аюултай. Ялангуяа элэгний өвчин болон архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст парацетамолын хордуулах нөлөө илүү хүндээр тусдаг. Иймээс парацетамолыг маш болгоомжтой, тунг багасгаж хэрэглэх, том хүнд хоногт 3 граммаас ихгүй тунгаар 10 хоног хүртэл, хүүхдэд нас, биеийн жингээс нь хамааран тунг тогтоож, 5 хоногоос илүүгүй хугацаанд хэрэглэх нь зүйтэй. Харин цус багадалттай, архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс, 3 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эх хэрэглэж болохгүй.

Витаминыг хэрэглэх нь ямар ач холбогдолтой вэ?

Хаврын улирал эхэлмэгц л ядаргаанаас сэргийлэх зорилгоор төрөл бүрийн витамин болон биологийн идэвхит бэлдмэлүүдийг нэлээд хэрэглэдэг болжээ. Витамин нь бие махбодид бодисын солилцоо явагдахад гол үүрэг гүйцэтгэдэг юм. Витамин нь хэдийгээр хүний биед зайлшгүй шаардлагатай ч хэтэрхий их хэмжээгээр хэрэглэвэл сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд хүссэн үедээ хамаагүй хэрэглэж болохгүй.

Хүн төрөлхтөн хоол тэжээлээрээ олон төрлийн хэрэгцээт витаминыг авахаас гадна зарим багахан хэсэг нь тухайлбал арьсанд нарны гэрлийн нөлөөгөөр Д амин дэм үүсэж, В-ийн бүлгийн зарим витаминууд бүдүүн гэдсэнд бий болох зэргээр бие махбодид багагүй хэмжээгээр үүсч байдаг.

Тэжээллэг багатай хоол хүнс хэрэглэснээс үүссэн эмгэгийг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд витаминыг хэрэглэнэ. Витамин бүхэн хүний бие организмд өөр өөрийн гэсэн үүрэгтэй байдаг бөгөөд тэдгээрийн дутагдлын үед төрөл бүрийн эмгэгийн шинж илэрч бодисын солилцоо өөрчлөгддөг. Нөгөө талаар витамин нь химийн бүтэц, физик –химийн шинж чанараараа өөр өөр, биологийн маш өндөр идэвхитэй бодис юм. Тэдгээрийн хоногийн хэрэгцээ нь милграмм, микрограммаар хэмжигддэг тул хэт их хэрэглэвэл бас эмгэг үүсдэг тул зөв тохирох тунгаар хэрэглэх нь чухал. Витамин А, Д, В6, С зэргийг хэт удаан хугацаагаар хэрэглэвэл ноцтой гаж нөлөө үүсч болно. Тухайлбал: витамин Д-г их тунгаар хэрэглэвэл бие махбодийн кальцийн хэмжээ ихсэж, таталт үүсэх гаж нөлөөтэй.

Витамины хэрэгцээ хүний нас, хүйс, өвчлөл, бодисын солилцооны өөрчлөлтөөс хамааран өөр өөр байж болно. Жишээ нь: Нүүрс ус их хэрэглэснээс В1, С витамины, уураг их хэрэглэснээс В2, В6 витамины хэрэгцээ ихэсдэг бол уураг дутагдсанаас В6, РР витамины шимэгдэх явц өөрчлөгдөнө. Жирэмсэн болон хөхүүл үед витамин, эрдсийн хэрэгцээ хэвийн үеийнхээс илүү болдог байна. Эмийн бодис ялангуяа антибиотикийг удаан хугацаагаар хэрэглэснээс гэдэсний микрофлорын хэвийн харьцаа алдагдаж К, В1, В2, РР витамин, фолийн хүчлийн нийлэгжилт багасдаг. Иймд витаминыг хэрэглэхэд ч мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө шаардлагатай.

ЗГХА-Эрүүл мэндийн газрын

Эмийн бүртгэл баталгаажуулалтын хэлтэс

1479264687

Эм гэж юу вэ?

2016-11-09,

Эм гэж юу вэ?
Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн.

Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зөв зохистой хэрэглэхийн тулд та эмийн талаар тодорхой мэдлэгтэй байх нь чухал юм.

Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?

Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг.

эм зүйчийн ёс зүйн хэм хэмжээ эрх үүрэг

2016-11-09,

ЭМ ЗҮЙЧИЙН ЁС ЗҮЙН ХЭМ, ХЭМЖЭЭ ЭРХ, ҮҮРЭГ

Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны

32 дугаар тушаалын хавсралт

 

ЭМ ЗҮЙЧИЙН ЁС ЗҮЙН ХЭМ, ХЭМЖЭЭ ЭРХ, ҮҮРЭГ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн журам нь эм зүйн мэргэжлийн онцлогоос шалтгаалан мөрдөгдөх ёс суртахууны үнэт зүйл, ёс зүйн зарчим дээр тулгуурлана.

1.2.Энэхүү журам нь Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон  хувийн  ашиг  сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд мөрдөгдөнө.

1.3.Эрүүл мэндийн байгууллага нь эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн журмыг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний хүрээнд мөрдүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж, эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага тооцож ажиллана.

1.4.Эм зүйч, эм найруулагчийн мэргэжилтний ёс зүйн журам нь төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эм зүйч, эм найруулагчийн мөрдөх ёс зүйн үндсэн баримт бичиг болно.

1.5.Эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн журамд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ЭМСЯ, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, эм зүйн нийгэмлэг, холбоод хамтран ажиллана.

 

Хоёр. Эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн хэм хэмжээний

үйлчлэх хүрээ, баримтлах зарчмын хураангуй

 

Үйлчлэх хүрээ                  Эм зүйч, эм найруулагчийн баримтлан ажиллах зарчим

Хэрэглэгч                         Үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдлэх.

                                        Үйлчлүүлэгчийн бие даасан байдлыг хүндэтгэн үзэх.

Олон нийт                        Олон нийтийн итгэлийг хүлээх.

                                            Эм зүйг тусламж, үйлчилгээг чанартай хүргэх.

Эм зүйн мэргэжил                Мэргэжлийн цар хүрээг өргөжүүлж, мэдлэг, мэргэжлээ

                                                  дээшлүүлэх

Бизнес,үйл ажиллагаа              Бизнесийг ёс зүйн хэм хэмжээнд эрхлэх.

Эрүүл мэндийн тусламж,            Хамтран ажиллах.

үйлчилгээ үзүүлдэг

бусад мэргэжилтэн

 

Гурав. Эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ

3.1.Үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдлэнэ.

3.1.1.Үйлчлүүлэгчид эмзүйн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлнэ.

3.1.2.Мэдлэг, чадвараа бүрэн дайчлан мэргэжлийн өндөр түвшний тусламж, үйлчилгээг хүмүүнлэг, энэрэнгүй байдлаар үзүүлнэ.

3.1.3.Үйлчлүүлэгчид учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

3.1.4.Хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахыг дэмжиж ажиллана.

3.2.Үйлчлүүлэгчийн бие даасан байдлыг хангаж, нэр төрийг хүндэтгэнэ.

3.2.1.Үйлчлүүлэгчийн ёс заншил, соёл, итгэл үнэмшил, эрхэмлэх зүйлс, өвөрмөц онцлогийг хүндэтгэж, ялгаварлан гадуурхалгүй, тэгш үйлчилнэ.

3.2.2.Эмзүйн тусламжийн асуудлаар үйлчлүүлэгчийн гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж ажиллана.

3.2.3.Үйлчлүүлэгч нь эмзүйн тусламж, үйлчилгээ хүртэх, зөвлөгөө авах зэргээс татгалзах эрхийг нь хүндэтгэж ажиллана.

3.2.4.Үйлчлүүлэгчийн эрх ашиг, хувийн нууцыг хамгаалж, мэдээллийг чанд нууцлана.

3.3.Олон нийтийн итгэлийг хүлээнэ.

3.3.1.Холбогдох хууль, тогтоол, эрх зүйн баримт бичиг, дүрэм, журам, заавар, стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдөнө.

3.3.2.Нотолгоонд суурилсан, үнэн зөв, бодит, хараат бус мэдээллээр үйлчлүүлэгчийг хангаж ажиллана.

 

Дөрөв. Эм зүйч, эм найруулагчийн эрх

4.1.Мэргэжлийн цар хүрээг өргөжүүлж, мэдлэгээ дээшлүүлнэ.

4.1.2.Мэргэжлийн холбогдолтой сургалтын үйл ажиллагаанд оролцон, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж, мэргэжлийн цар хүрээг өргөжүүлнэ.

4.1.3.Ажлын хамт олон, мэргэжилтний хамт сурч боловсроход дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

4.1.4.Насан туршдаа сурч боловсрон, тасралтгүй өөрийгөө хөгжүүлж, мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлнэ.

4.1.5.Ажлын чанар, мэргэжлийн ур чадварыг өөрөө үнэлэх буюу бусдаар үнэлүүлж, хэрэгцээгээ тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг авна.

4.1.6.Хариуцсан ажил үүргээ саадгүй гүйцэтгэхийн тулд өөрийн болон хамтран ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалж ажиллана.

4.1.7.Шаардлагатай тохиолдолд бусад эмнэлгийн мэргэжилтний тусламж, зөвлөгөөг авч ажиллана.

4.2.Багаар хамтран ажиллана.

4.1.1.Мэргэжлийн үйл ажиллагааг бие даан, бодитой зөв шийдвэр гарган гүйцэтгэж, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу бусад мэргэжилтэнд тусламж үзүүлж, зөвлөгөө өгнө.

4.1.2.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бусад мэргэжилтний санал зөвлөгөөг хүндэтгэн, хүлээн авч ажиллана.

4.1.3.Үйлчлүүлэгчийн өвчин эмгэгийг эмчилж, эдгэрүүлэхийн тулд зөвлөгөө өгч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бусад мэргэжилтэнтэй хамтран ажиллана.

4.1.4.Эм зүйн тусламж, үйлчилгээний үр дүнг сайжруулахын тулд, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бусад мэргэжилтэнтэй ажил төрлийн харилцаа холбоо тогтоож, мэдээллийг цаг алдалгүй дамжуулан, солилцох арга замыг тохиролцон, шуурхай ажиллана.

 

Тав. Эм зүйч, эм найруулагчийн үүрэг

5.1.Эмзүйн тусламж, үйлчилгээг чанартай хүргэх үүрэг хүлээнэ.

5.1.1. Эм, эмчилгээний зориулалттай бараа бүтээгдэхүүний чанар, тэдгээрийн хяналт, үйлдвэрлэлт, хадгалалт, тээвэрлэлт, ханган нийлүүлэлт, түгээлт, олголтын үйл ажиллагааг хариуцлагатай гүйцэтгэнэ.

5.1.2.Нийгэмд эм зүйн мэргэжлийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллана.

5.1.3.Эрүүл мэндийг хамгаалахад зориулсан хөрөнгө, нөөцийн ашиглалт зарцуулалтыг шудрага, тэгш хуваарилахад анхаарна.

5.1.4.Жороор олгох эмийг зөвхөн журмын дагуу олгох, үйлчлүүлэгчид эмийг зохисгүй байдлаар хэрэглэснээс нянгийн тэсвэржилт үүсэх зэрэг гарч болох бусад эрсдлээс сэргийлэх талаар мэдээллээр хангана.

5.2.Хариуцлагатай ажиллана.

5.2.1.Мэргэжлийн ажил үүргийг хараат бусаар, үр дүнтэй гүйцэтгэж, авлига, ашиг сонирхолын зөрчил үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авна.

5.2.2.Мэргэжлийн түвшинд гаргасан шийдвэр болон хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хариуцлага хүлээнэ.

5.2.3.Багийн гишүүнтэй хамтран ажиллаж, хүлээсэн үүрэгт ажлын дагуу харилцан зөвшилцөж, мэдээлэл солилцоно.

5.2.4.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үр дүнтэй, чанартай хүргэх ажлын орчин, нөхцлийг бүрдүүлж, үйлчлүүлэгч болон хамтран ажиллагсдад эрсдэл учрахаас сэргийлж ажиллана.

5.3.Бизнесийг ёс зүйн хэм хэмжээнд эрхлэнэ.

Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхдээ хэрэглэгчийн ашиг сонирхлыг хамгаална.

5.3.1Албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллийг нэн даруй өөрийн шууд удирдлага болон Авилгатай тэмцэх газарт мэдээлнэ.

5.3.2.Эмийн компаниудаас өөрийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор санал болгож буй бэлэг, хандив, урамшуулал болон санхүүгийн дэмжлэгээс татагалзаж авах, хүсэхээс зайлсхийнэ.

 

Зургаа. Хориглох зүйл

6.1.Хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй үйлчилгээ эрхлэх, хувийн ашиг сонирхол гарган үйлчлүүлэгчдэд эм, биобэлдмэл, биологийн идэвхт бодис, хувийн эмнэлэг, эмийн сан санал болгох, зааж өгөх.

6.2.Албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар бусдад задруулах, албан үүрэгтэй хамааралгүй байдлаар ашиглах.

6.3.Өөрт болон хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн үүрэг гүйцэтгэх, аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөх.

6.4.Албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцох.

6.5.Өөрийн хувийн ашиг сонирхлын өмнөөс нийтийн албыг төлөөлөх.

6.6.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэх.

 

Долоо. Ёс зүйн журмыг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага

Эм зүйч, эм найруулагч нь ёс зүйн зөрчил гаргасан нь зохих журмын дагуу хийсэн хяналт, шалгалтаар тогтоогдсон, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны болон салбар хорооны шийдвэрийг биелүүлээгүй бол холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.


бичсэн: Эм зүй төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх